ЗХУ-ын үед баригдсан цахилгаан сүлжээ ирээдүйн Төв Азийн эрчим хүчний солилцооны үндэс болно

Суурь дэд бүтэц бэлэн байгаагийн дээр бүс нутгийн хамтын ажиллагаа өргөжин тэлснээр Төв Азийн эрчим хүчний аюулгүй байдал, эрсдэл даван туулах чадамж, эдийн засгийн өрсөлдөх чадвар бэхжих үндсэн нөхцөл бүрдээд байна.
Улс орнуудын хамтын ажиллагаа нь хөгжин цэцэглэх үндэс болдог. Улс хоорондын харилцаа холбоо, яриа хэлцэл нэмэгдэхийн хэрээр бараа, үйлчилгээний худалдаа эрчимжиж, бизнесүүд илүү том зах зээлд нэвтрэх боломжтой болж, эрчим хүчний аюулгүй байдал ч бэхждэг. Хатуу түлш болон усны эх үүсвэрийн нөөц арвинтай ч жигд бус тархацтай Төв Азийн бүс нутгийн хувьд эрчим хүчний солилцоог хөгжүүлэх нь ихээхэн ач холбогдолтой юм.
Төв Азийн Эрчим хүчний сүлжээний хувьд ЗХУ-ын үед баригдсан цахилгаан эрчим хүчний шугам сүлжээ нь эрчим хүчний худалдааг өргөтгөх, бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд чухал суурь болж чадна.
Казахстан, Туркменистан болон Узбекистан улсуудын хувьд хатуу түлшээр баялаг байхад Бүгд Найрамдах Киргиз болон Тажикстан улсууд усны эрчим хүч арвинтай. Өвлийн улирал болоход усны урсац татарч, дулааны хэрэгцээ нэмэгдсэнээр усны эрчим хүчний нөөц арвинтай орнууд эрчим хүчний дутагдалд ордог. Иймд, эрчим хүчийг хуваалцан хэрэглэх нь эдгээр улсуудын хувьд оновчтой шийдэл юм.
Энэхүү шийдлийг хэрэгжүүлэхийн тулд эдгээр улсуудад цахилгаан эрчим хүчийг бөөнөөр нь дамжуулах шугам сүлжээ, зах зээлийг оновчтой хөдөлгөх засаг захиргааны бүтэц зэрэг биет дэд бүтэц шаардлагатай болно. Ийнхүү нэгдсэн систем байгуулснаар усны нөөцөөр баян орнууд өвлийн улиралд хатуу түлш арвин хөрш орнуудаас цахилгаан эрчим хүч худалдан авч, харин зун болоход эсрэг чиглэлдээ илүүдэл эрчим хүчээ солилцож болох юм.
Энэ чиглэлд Төв Азийн улс орнууд бүс нутгийн хамтын ажиллагаагаа өргөтгөж эхлээд байгаа нь сайшаалтай. Тухайлбал, 2020 оны 8 дугаар сард Афганистан болон Узбекистан улсууд 10 жилийн хугацаатай эрчим хүч худалдан авах хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд хоёр орныг эрчим хүчээр холбох 500 квт–ын цахилгаан дамжуулах шинэ шугам сүлжээг барьж байгуулахаар шийдвэрлэжээ. Түүнчлэн 2019 онд Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөр (КАРЕК)-ийн гишүүн 11 улс эрчим хүчний хамтын ажиллагааны түүхэн хэлэлцээрийг үзэглэсэн.
Туркменистан – Узбекистан – Тажикстан – Афганистан - Пакистаны цахилгаан эрчим хүчний төсөл, Төв Ази, Өмнөд Азийн цахилгаан дамжуулах, худалдаалах төсөл, мөн Туркменистан – Афганистан – Пакистан - Энэтхэгийн хийн хоолойн төсөл зэрэг бүс нутгийн бусад мега төслүүдийн хөрөнгө оруулалт ч мөн хөвөрсөөр байна.
Бүс нутгийн харилцаа холбоо нэмэгдэхийн хэрээр Төв Азийн Эрчим хүчний сүлжээний стратегийн ач холбогдолд дахин анхаарал хандуулж эхлээд байна. 1970-аад онд баригдсан уг системээр дамжуулах эрчим хүчний солилцоо сүүлийн хэдэн арван жилд аажим буурсан. Гэхдээ Казакстан, Бүгд Найрамдах Киргиз, Тажикстан, Туркменистан болон Узбекистан улсуудыг холбож байгаа энэхүү системийг бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангах бэлэн платформ болгон ашиглаж болох юм.
Бүс нутгийн цахилгаан эрчим хүчний шугам сүлжээг бүсийн нэгдмэл байдлыг бататгах платформ болгох 4 арга зам байна.
Юуны түрүүнд, бүс нутагт эрчим хүчний солилцоог өргөжүүлэх урьдач нөхцөл болох эрчим хүч дамжуулах хүчин чадлыг хангалттай хэмжээнд хүргэх нь нэн чухал байна. Төв Азийн орнуудын цахилгаан эрчим хүч дамжуулах сүлжээнүүд нь ерөнхийдөө хуучирч шаардлага хангахгүй болж эхэлж байгаа тул улс орнууд хурдацтай өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд сүлжээгээ зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Үүнтэй зэрэгцэн бүс нутаг дахь эрчим хүчний харилцан холболтыг сайжруулж, өөр хоорондоо эрчим хүч дамжуулах боломжийг бий болгох хэрэгтэй.
Гэхдээ эрчим хүчний хил дамнасан холболт нь зарцуулсан зардлаасаа давсан үр өгөөжийг хоёр талд харилцан бий болгох нь чухал тул үүнийг нухацтай бөгөөд тусгайлан судлах нь зүйтэй. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй хэрэгжиж буй бүс нутгийн эрчим хүчний шугам сүлжээг хөгжүүлэх урт хугацааны төлөвлөгөөнүүд нь бүс нутгийн эрчим хүчийг харилцан холбох нэн чухал корридоруудыг тодорхойлоход туслах болно.
Хоёрдугаарт, эрчим хүчний худалдааг өргөтгөх боломжийг дэмжсэн хууль журам, зохицуулалтуудыг жигдрүүлэх хэрэгтэй. Одоогийн байдлаар бүс нутгийн хэмжээнд хоёр талын гэрээнд үндэслэн эрчим хүчийг тохиролцсон тарифаар худалдаалж байгаа бөгөөд давтамжийг зохицуулах зэрэг дагалдах үйлчилгээнүүд нь Төв Азийн Эрчим хүчний сүлжээ болон харилцан холбогдсон ОХУ-ын Эрчим хүчний сүлжээний одоо мөрдөгдөж байгаа дүрэм журмуудаар зохицуулагдаж байна.
Улс орнуудын хамтын ажиллагаа нь хөгжин цэцэглэх үндэс болдог.
Эрчим хүчний солилцоог хөнгөвчлөх засаглалыг сайжруулахын тулд бүхнийг цоо шинээр эхлүүлэхийн оронд Төв Азийн Эрчим хүчний сүлжээний дүрэм журмуудыг улам боловсронгуй болгож, жигдрүүлэх нь илүү ухаалаг шийдэл байж болох юм. Жишээлбэл, Узбекистаны Ташкент хотод байрладаг Эрчим хүч зохицуулах диспетчерийн төв CDC Energia нь бүсийн хэмжээнд эрчим хүч дамжуулах сүлжээний зохицуулагчийн үүргийг гүйцэтгэх боломжтой.
Улс орнуудын эрчим хүчний системийн харилцан хамаарлыг гүнзгийрүүлэхийн тулд зах зээлийн нэгдсэн гэрээний загвар болон нэг өдрийн өмнө арилжих эсвэл тухайн цагт арилжих зэрэг горимуудыг хамруулсан төрөл бүрийн механизмуудад үнэлгээ хийх хэрэгтэй. Энэ нь улс орнуудын хооронд төрөл бүрийн хэлбэрээр цахилгаан эрчим хүч солилцох боломжийг бий болгох юм. Түүнчлэн 2 талын зохицуулалтаас илүүтэй өрсөлдөөнийг бий болгосноор нөөц эх үүсвэрийг илүү үр дүнтэй ашиглах нөхцөл бүрдэнэ.
Туршлагаас харахад, энэ нь урт хугацаанд хэрэгжих төвөгтэй үйл явц учраас бүсийн эрчим хүчний зах зээлийг шинэчлэн, хөгжүүлэх явцад институцийн болон засаглалын бүтэц зохион байгуулалт, цахилгаан эрчим хүчний нэгдсэн зах зээл бэхжих боломжтой.
Гуравдугаарт, улс орнуудын дотоодын шинэчлэлийн хүчин чармайлтууд үргэлжлэх нь чухал. Эрчим хүчний зах зээлийн шинэчлэл хийх хурдаас шалтгаалан тус бүс нутаг нь харилцан адилгүй хөгжсөн төрөл бүрийн зах зээлүүдээс бүрдэж байна. Хэдийгээр зах зээлийн томоохон шинэчлэл хийхгүйгээр бүс нутагт эрчим хүчний худалдаа хийх боломжтой ч ихэнх тохиолдолд улс орнууд дотооддоо шинэчлэл хийснээр худалдааны үр дүн илүүтэй нэмэгддэг. Жишээлбэл, эрчим хүчний татаас, ялангуяа, хатуу түлшний татаасыг аажмаар халах нь зүйтэй. Учир нь ийм татаас нь худалдаалж байгаа цахилгаан эрчим хүчний үнийг гажуудуулж, савлагаа үүсгэж, хөрш зэргэлдээ бүс нутгуудад хөндлөн-татаас (нэг компани, аж ахуйн нэгжийн нэг бүтээгдэхүүнээс орсон ашгаас нөгөө бүтээгдэхүүнд нь өгдөг татаас буюу дэмжлэг) төлөлгүйгээр үнэ тогтооход хэцүү болгодог.
Гуравдагч орны газар нутгаар дамжуулан эрчим хүчийг түгээхэд тухайн гуравдагч тал эрчим хүч түгээх шугам сүлжээнд холбогдох боломжтой байх шаардлагатай. Аливаа улсын цахилгаан эрчим хүчний зах зээлийн тогтвортой байдлаа хангах арга хэмжээ нь тухайн орны эрчим хүч импортлох, экспортлох зээлийн чадварт нөлөөлөх чухал хүчин зүйл байдаг. Цаашдаа бүс нутгийн эрчим хүчний арилжааг тууштай явуулахад зах зээлийн илүү уян хатан бүтэц шаардлагатай болно. Иймд улс орнуудын түвшин дэх эрчим хүчний зах зээлийн шинэчлэлд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.
Дөрөвдүгээрт, Төв Азийн Эрчим хүчний сүлжээ нь бүс нутгийн эрчим хүчний бүтэц дэх сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлэх болно. Казахстан, Туркменистан, Узбекистан улсуудын хатуу түлшний нөөц болон Бүгд Найрамдах Киргиз, Тажикстан улсуудын усны нөөцийн жигд бус хуваарилалтыг цахилгаан эрчим хүчний солилцоогоор дамжуулан тэнцвэржүүлэх зорилгоор энэхүү системийг анх боловсруулсан хэдий ч нүүрс хүчлийн хий ихээр ялгаруулдаг эрчим хүчийг илүү үр дүнтэй зохицуулж чадах улс орон руу шилжүүлэх замаар бүс нутгийн хэмжээнд зохицуулалт хийж, улмаар нүүрс хүчлийн хий ихээр ялгаруулдаг эрчим хүчний нөөцийн хэрэглээг багасгаж, цаашлаад ногоон эрчим хүчний системд шилжиж болох юм.
Бүс нутгийн хэмжээнд харилцан холбогдсоны нэг давуу тал нь илүүдэл нөөцөө хуваалцаж, бүсийн хэмжээнд эрчим хүчний нөөц нэмэгдсэнээр эрчим хүчний тасалдлаас сэргийлэх боломжтой болох юм. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний салбарт ч мөн эергээр нөлөөлнө. Нарны болон салхины эрчим хүчинд суурилсан систем нь нарны гэрлийн хэмжээ болон салхины хурдаас хамаардаг төдийгүй улирлын шинжтэй байдаг тул эдгээр эх үүсвэрээс гарган авсан цахилгаан эрчим хүч тасалдал ихтэй байдаг.
Эрчим хүчний харилцан хэрэглээний тусламжтайгаар улс орнууд хөрш орнуудаасаа эрчим хүчээ нөхөн авч, бүс нутаг дах төрөл бүрийн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг уян хатан хэрэглэх боломжтой болох юм. Төв Азийн Эрчим хүчний сүлжээг шинэчилснээр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг цаашид өргөжүүлэх зорилгоор хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Түүнчлэн КАРЕК зэрэг томоохон санаачлагуудын хүрээнд бүс нутгийн түвшинд ухаалаг бөгөөд шинэлэг техникийн шийдлүүдийг авч үзэх хэрэгтэй.
Бүс нутгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж, гүнзгийрч байгаагийн зэрэгцээ Төв Азид эрчим хүчний суурь дэд бүтэц бэлэн байна. Бүс нутгийн харилцаа холбоог бэхжүүлэх шинэчлэлийг үргэлжлүүлснээр эрчим хүчний аюулгүй байдал, эрсдэл даван туулах чадамж, эдийн засгийн өрсөлдөх чадвар бэхжиж, цаашлаад бүс нутагт шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг татах итгэлийг бадраах юм.