Авилгыг таслан зогсоох таван арга

COVID-19 цар тахалтай тэмцэхэд зориулсан хөгжлийн төслүүдийг авилгаас ангид байлгах асуудал нь эмзэг бүлгийн иргэдийн амь нас болоод цар тахалтай тэмцэхэд тэргүүн эгнээнд ажиллагсдын ажлын үр дүнд чухал нөлөөтэй юм. Зургийг: АХБ
COVID-19 цар тахалтай тэмцэхэд зориулсан хөгжлийн төслүүдийг авилгаас ангид байлгах асуудал нь эмзэг бүлгийн иргэдийн амь нас болоод цар тахалтай тэмцэхэд тэргүүн эгнээнд ажиллагсдын ажлын үр дүнд чухал нөлөөтэй юм. Зургийг: АХБ

By H. Lorraine Wang (王惠慧), Richeline Mascarinas

Цар тахлын үед төслүүдэд авилгалтай холбоотой үйлдэл гарах нь ядуу, эмзэг бүлгийн хүмүүсийн үхэл, амьдралыг шийдэхүйц ихээхэн нөлөөтэй. 

Аливаа хямралын үед түүнийг даван туулахад зориулсан санхүүжилт их хэмжээгээр орж ирэн улмаар холбогдох хариу арга хэмжээг шуурхай авахын тулд зарцуулалтыг нэн даруй гаргах шаардлага тулгардаг. Үүнээс улбаалан шударга байдлын эрсдэл улам бүр нэмэгдэж, авилгад өртөмтгий болсон системүүдийн хувьд байдал бүр дорддог. Тухайлбал, томоохон хэмжээний худалдан авалтыг түргэн хугацаанд хийх шаардлага тулгарахад үнийн хөөрөгдөл бий болж, хуурамч зардал гаргах, эргэлзээтэй гэрээ байгуулах зэрэг эрсдлүүдийг нэмэгдүүлдэг.

Авилгаас үүдэлтэй эдгээр эрсдлийг бууруулаагүй тохиолдолд тусламж, дэмжлэг очих ёстой хүмүүстээ, ялангуяа хамгийн ядуу, эмзэг бүлгийн хүмүүст хүрч чаддаггүй. Ингэснээр ард иргэд нийгмийнхээ хөгжил цэцэглэлтэнд идэвхтэй оролцохоос татгалзаж эхэлдэг. Тиймээс хөгжлийн байгууллагууд энэ хямралын үед байгууллага дотроо болон байгууллагаас гадна авилгын үндсийг таслан зогсоох, авилгыг илрүүлэх үйл ажиллагаанд идэвхитэй хамтран оролцож, авилга илэрсэн тохиолдолд хатуу шаардлага тавин ажиллах хэрэгтэй.

Онцгой байдлын үед хөгжлийн төслүүдийн шударга байдлын эрсдлийг бууруулах таван үндсэн арга хэмжээ байдаг.

1. Төслийн ил тод, шударга байдлыг нэмэгдүүлж; хяналт, хариуцлагын зохистой арга хэмжээ авах. Урьдчилан сэргийлэх нь засаж залруулахаас илүүтэй хялбар байдаг. Шударга байдлын алба нь төслийн ажилтнуудад урьд өмнө тохиолдож байсан шударга байдлын жишээнүүдэд тулгуурлан хичээл заах зэргээр шударга байдлын эрсдлийг тодорхойлох, түүнийг багасгахад туслах ажлыг зохион байгуулах хэрэгтэй.

Өмнө нь хийгдэж байсан онцгой байдлын болоод эрүүл мэндийн салбарын төслүүдийн шударга байдлын тойм судалгаанд үндэслэн COVID-19 цар тахалтай холбогдох төслүүдийн шударга байдлын эрсдлийг тодорхойлж, залилан, авилгыг бууруулах арга хэмжээг боловсруулах боломжтой. Эдгээр тоймууд нь онцгой байдлын үеийн төслүүдийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гурван шударга байдлын зарчимд үндэслэдэг. Үүнд:

Ил тод байдал.  Төслийн гол шийдвэрүүд болон оролцогч талуудын тухай зохих ёсоор баримтжуулсан байх ёстой. Төслийн ашиг шим хүртэгчид болон бусад оролцогч талууд нь төслийн санхүүжилт, тендерийн шаардлага, үр дүн, санхүүжилт хүлээн авагч зэрэг төслийн чухал мэдээллүүдийг цаг тухайд нь авч байх ёстой.

Шударга байдал.  Тендерийн шалгаруулалт шударга өрсөлдөөнтэй, бодит шаардлагатай, шударга үнэлгээтэй байх нь чухал юм. Мөн худалдан авалтын ажиллагааны бодлогыг шударга, тууштай хэрэгжүүлэх ёстой. Онцгой тохиолдолд уян хатан чанар бүхий цаг хугацаатай худалдан авалтын бодлогыг зөвшөөрөх боловч тодорхой зохицуулалт, нарийвчилсан ажлын урсгалтай байх хэрэгтэй. Жишээлбэл, худалдан авах ажиллагааны удирдамжид НҮБ зэрэг томоохон байгууллагуудын шударга байдлын шаардлагыг хангасан ханган нийлүүлэгчтэй гэрээ байгуулах боломжийг тусгаж болно.

Хариуцлага ба хяналт.  Төслийн зохих хяналтад бичиг баримтын зөв зүйтэй боловсруулалт, хяналт-шинжилгээ болон зардлын баталгаажуулалт зэрэг орно. Худалдан авах чадвар сул эсвэл туршлага багатай гүйцэтгэгч агентлагуудад энэ чиглэлийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Мөн бараа, үйлчилгээ худалдан авсан баримтууд болон мөнгөний урсгалыг хянах нь чухал юм. Түүнчлэн санхүүжилтийн хуваарилалтын болон санхүүгийн менежментийн үндсэн гарын авлагуудыг боловсруулж, бүртгэл болон төслийн явцыг санамсаргүй түүврийн байдлаар шалгах зэрэг нь залилангаас зайлсхийхэд тусална.

Цар тахлын үеэр болон ирээдүйд ач холбогдол бүхий хөгжлийн төслүүдийг авилгаас ангид байлгахыг хүсч байвал бид бүгд өөрсдийн үүргийг зөв зүйтэй гүйцэтгэж, шударга манлайлагчдын нийгмийг бий болгох нь зүйтэй.

2. Төслийн шударга байдлыг алдагдуулахгүйгээр зохих хяналтыг сайжруулах. Онцгой байдлын үед урьдчилсан хяналт шалгалт хийх нь ихэвчлэн төслийн хэрэгжилтийг удаашруулдаг болохоор зохих хяналт шалгалт алдагдах магадлалтай байдаг. Өөрөөр хэлбэл, давчуу цаг хугацаанд хэрэгжиж буй төслийг шаардлагын дагуу явагдаж буй эсэхийг нэгд нэгэнгүй хянахад хүндрэл үүсдэг тул шударга байдлын алба нь төслийн ажилтнуудад үйл ажиллагаагаа хурдасгахад нь тусламж, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

3.  Авилгын эсрэг гэрээний заалтыг чангатгах. Ажил, бараа, үйлчилгээний стандартыг тогтоохын тулд төслийг хэрэгжүүлэх зохицуулалт, үр дүнг гэрээнд тодорхой тусгасан байх ёстой. Ялангуяа шударга байдлын шаардлагуудыг ихэвчлэн хайхралгүй өнгөрөөдөг тул гэрээ болон бусад хэлэлцээрүүд нь талуудын хариуцлагыг баталгаажуулах авилгатай тэмцэх бодлогын шаардлагыг тусгаж, залилан мэхлэх, авилгын талаар гарсан зөрчлийг судалж, зохих залруулах арга хэмжээ авах хөгжлийн байгууллагуудын эрхийг тусгасан байх ёстой.

4. Гомдлын механизмыг нээлттэй байлгаж, шаардлагатай тохиолдолд шалгалт явуулах. Оролцогч талууд залилан мэхлэх үйлдэл болон авилгын талаар мэдээлэх зохих механизмаар хангагдсан байх ёстой. Хямралын үед технологийг ашиглан гомдол хүлээн авах  нь хөгжлийн байгууллагуудын хувьд гомдлын үнэлгээ, шинжилгээг цаашид ч үргэлжлүүлэн ашиглахад тустай байх болно. Шударга ёсыг зөрчсөн тухай гомдлыг хүлээн авах шугамууд нээлттэй хэвээр байх ёстой бөгөөд аливаа гомдол бүрийг зохих журмын дагуу шалгаж, шийдвэрлэх нь зүйтэй.

5. Хамтран ажиллагсад болон иргэдийг сонор сэрэмжтэй байж, залилан, авилга авсан байж болзошгүй хүмүүсийн талаар мэдээлж байхыг уриалах. Үнэнч шударга байдлыг сахих талаар тогтмол сануулга өгөх нь чухал боловч ажилтнуудад тодорхой дэмжлэг, удирдамж, зоригжуулал хэрэгтэй байдаг. Жишээлбэл, вэбинар, цахим сургалт зэргээр дамжуулан ажилтнууд үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болон итгэл дээр үндэслэсэн хяналт хоёрын хоорондох зохих тэнцвэрийг олж авах боломжтой.

Бид иргэдийн оролцоог дэмжиж, тэднийг сонор сэрэмжтэй байлгахын тулд мэдээллээр хангах ёстой. Тухайлбал, хөгжиж буй гишүүн орнуудад туслах зорилготой COVID-19 цар тахалтай холбогдох бодлогын арга хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэрийн тухай бид олон нийтэд нээлттэй байдлаар шинэ цахим хуудсандаа байршуулсан байгаа. Түүнчлэн бид “Олон нийтийн харилцааны бодлого”-ынхоо дагуу төслийн мэдээллийг тогтмол нийтэлж байна.

Цар тахлын үеэр болон цаашдаа чухал ач холбогдол бүхий хөгжлийн төслүүдийг авилгаас ангид байлгахыг хүсч байвал бид бүгд өөрсдийн үүргийг гүйцэтгэж, шударга манлайлагчдын нийгмийг бий болгох нь зүйтэй. Үүнийг хийж чадаагүй тохиолдолд ядуу буурай хүмүүст улам бүр бэрхшээл тулгарах болно.  

Хямралын энэ хэцүү цаг үед тусламж, дэмжлэгийг авилгын улмаас ядуу, эмзэг бүлэгт хүргэж чадахгүй нөхцөлд хүргэх нь тэдгээр хүмүүсийн хувьд үхэл, амьдралыг нь шийдэхүйц ноцтой хор хохиролтой үйлдэл юм.