Оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн тохиолдолд л хилийн боомтуудыг сайжруулах замаар эдийн засгийн өгөөжийг бий болгох боломжтой

Хил залгаа хоёр улс хоёулаа төслийн өгөөжийг хүртэх бэлтгэлтэй үед л хилийн дагуух эдийн засгийн хөгжлийн төслүүд үр дүнтэй хэрэгжинэ. Зургийг: АХБ
Хил залгаа хоёр улс хоёулаа төслийн өгөөжийг хүртэх бэлтгэлтэй үед л хилийн дагуух эдийн засгийн хөгжлийн төслүүд үр дүнтэй хэрэгжинэ. Зургийг: АХБ

By Akiko Terada-Hagiwara

Зорчигч болон ачаа тээврийн хилээр нэвтрэх явцыг хөнгөвчлөх нь эдийн засгийн арвин өгөөжийг бий болгодог нь нэгэнт тодорхой болсон. Гэхдээ хилийн хоёр талд орших орнууд шинээр бий болох боломжийг ашиглах бэлтгэлтэй байх нь чухал юм. 

КОВИД-19 цар тахлын улмаас дэлхийн олон орон хилээ хааснаар аялагчид болон ажиллах хүчний урсгал огцом саарсан нь эдийн засагт ихээхэн хохирол учруулж байна. Үүссэн нөхцөл байдал нь хилийн боомтуудаар зорчигч болон ачаа тээврийг шуурхай нэвтрүүлэх нь эдийн засагт өндөр ач холбогдолтой болохыг тодхон харууллаа. Энэхүү нэн чухал дэд бүтэц нь зөвхөн хил орчмын эдийн засгаар тогтохгүй нийт эдийн засагт ихээхэн хэмжээний дам нөлөөллийг үзүүлдэг юм.

Тэгвэл хилээр нэвтрүүлэх үйл явцыг шуурхай болгосны давуу талуудыг эдийн засагтаа хэрхэн шингээх вэ?

Ерөнхийдөө аливаа улсад хөрөнгө оруулалт хийснээр ажлын байр бий болж, иргэдийн орлого нэмэгдэж, тэр хэрээрээ зарцуулалт нэмэгддэг. Улмаар ханган нийлүүлэгчид энэхүү өсөн нэмэгдсэн эрэлтэд нийцүүлэн ажилчид нэмж авахын зэрэгцээ татан авалтаа нэмэгдүүлдэг. Цаашлаад ханган нийлүүлэгчдийн хөлсөлсөн ажилчид илүү их хэмжээний бараа, үйлчилгээ авч эхэлснээр дам нөлөө нь улам бүр мэдэгдэхүйц болж ирдэг. Эдгээр нь эдийн засагт үзүүлэх шууд бус нөлөөлөл юм.

Хил орчмын эдийн засгийн хувьд бараа болон зорчигчид чөлөөтэй нэвтэрч байх үед л энэхүү дам нөлөөг бий болгох боломжтой. Мөн хөрөнгө оруулалт нь хилийн боомтын ойр орчимд хийгдэх нөхцөлд уг дам нөлөө илүү хүчтэй илэрдэг. Үүний тод жишээг Европын Холбоо (ЕХ)-ноос харж болно. ЕХ-ны орнуудын хооронд хил нэвтрэх зардал бага байдаг нь эдийн засагт үр өгөөжөө өгсөөр ирсэн. 

Дам нөлөөний хамрах хүрээ нь төрөл бүрийн хүчин зүйлсээс хамаардаг. Тухайлбал, ажиллах хүчний болон татан авалтын өсөн нэмэгдэх эрэлтийг хангах замаар хөрөнгө оруулалтын ашиг шимийг хүртэхэд хөрш орон хэр бэлтгэгдсэн байгаа нь ихээхэн чухал байдаг.

Хилээр нэвтрүүлэлтийн дам нөлөө нь гишүүн орнууд болон хөдөлмөрийн төрлүүдэд тэгш бусаар хуваарилагдсан байгааг ЕХ-ны туршлагаас харж болно. ЕХ-ны улсуудын хувьд өндөр ур чадвар болон дундаж ур чадвар шаардсан ажил мэргэжлүүдийн аль аль нь үр нөлөөг түлхүү хүртсэн байдаг. Харин ур чадвар бага шаарддаг ажил хөдөлмөрийн хувьд ЕХ-ны гишүүн бус улсуудаас авах нь өртөг бага байдаг тул дам нөлөөнд бага өртсөн байна.

Ази тив нь хил орчмын дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийж ирсэн баялаг түүхтэй. Жишээлбэл, Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Монгол Улстай хиллэх хилийн боомтуудад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй АХБ-ны Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төслийг дурдаж болох юм. Уг хөрөнгө оруулалтын хөтөлбөрөөр хилийн боомтуудыг сайжруулахыг зорьж байгаа бөгөөд Монгол Улс тодорхой хэмжээний өгөөжийг уг хөрөнгө оруулалтаас хүртэх боломжтой байхаар боловсруулжээ. Хөрөнгө оруулалтын үр дүнд Эрээн хотын эдийн засгийн бүс зэрэг хилийн хотуудад шинээр бий болох 1,300 орчим ажлын байранд Монголчууд ажиллах боломжтой юм.

Мөн Монгол Улсын хилийн бүс орчимд хөдөлмөр эрхлэх боломжууд нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлт нэмэгдэж, өрхүүд эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол болон бусад хэрэгцээндээ зарцуулах нэмэлт орлоготой болно. Улмаар энэхүү өсөн нэмэгдэх хэрэгцээг хангахын тулд ханган нийлүүлэгчид үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ. Бидний хийсэн тооцооллоор үйлдвэрлэл 40 хувиар өсөхийн зэрэгцээ ажил эрхлэлт 2 дахин нэмэгдэх боломжтой байна.

Хил орчмын хөрөнгө оруулалтын боломжуудын шууд болон шууд бус үр өгөөжийг бүрэн хүртэхийн тулд хил залгаа улсууд нь эдийн засгийн өгөөжийг шингээх бэлтгэлтэй байх ёстой.

Хэдийгээр сайхан сонсогдож байгаа ч нэг анхаарууштай зүйл нь хөрөнгө оруулалтын үр өгөөжийг бүрэн хүртэхийн тулд Монголын тал бараа болон үйлчилгээний өсөн нэмэгдэх хэрэгцээгээ бүгдийг дотоодоосоо хангана гэж тооцжээ. Энэ тооцоо нь асуудалтай байж болох юм. Бодит байдалд, Монгол Улс дотоод нийлүүлэлтийн хязгаарлагдмал байдлаасаа болж гаднаас хэрэгцээт бараа материалаа татахад хүрч болзошгүй юм.

Монгол Улс өөрийн хөрш орнууд болох БНХАУ болон Оросын Холбооны Улс (ОХУ)-тай хийх импорт болон экспортоос ихээхэн хамааралтай учир зорилтот эдийн засгийн тэлэлт нь импорт хийснээс болж халих магадлалтай. Монгол Улсын эдийн засгийн зарим салбарууд бараа материалынхаа дийлэнхийг импортоор авдаг. Уул уурхай, тээвэр болон барилгын салбаруудын хэрэгцээт бараа материалын 40 гаран хувийг импортолдог.

Энэ тохиолдолд, орж ирэх нэмэлт орлогын ихэнх хэсэг нь хилийн чанадад зарцуулагдаж, нэмэлт ажиллах хүчийг гадаадаас буюу БНХАУ болон ОХУ-аас авахад хүрнэ. Мөн тооцооноос харахад Өвөр Монголд хэрэгжиж буй төслийн Монгол Улсад үзүүлэх шууд бус дам нөлөө нь харьцангуй бага буюу нийт үйлдвэрлэлийн хэмжээнд 4 хувь, ажил эрхлэлтэнд 9 хувь л нөлөөлөхөөр харагдаж байна.

Хөрөнгө оруулалтыг хүлээн авч буй улсууд дам нөлөөллийн үр шимийг боломжит дээд хэмжээгээр хүртсэн жишээг Их Мекон бүсэд хэрэгжсэн төслөөс харж болно. Төсөл нь Өмнөд Корридорын 3 томоохон эдийн засаг бүхий Бангкок, Хо Ши Мин болон Пномпэнь хотуудыг харьцангуй богино зайнд (900 км газрыг дамнан) хамран хэрэгжсэн бөгөөд эдгээр хотууд нь шинээр үүссэн ажиллах хүчний болон бараа материалын эрэлтийг хангах дотоод нөөц бололцоо өндөртэй байсан юм.

Монгол Улсын хувьд БНХАУ-тай залгаж буй хилийн дагуу хэрэгжих төслийг дээрхийн адил амжилттай хэрэгжүүлэхийн тулд ложистик болон ханган нийлүүлэлтийг дэмжих тээвэр, агуулахын дэд бүтэцдээ улсын хөрөнгө оруулалтыг чиглүүлэх тал дээр бодлого гаргагчид анхаарах хэрэгтэй. Замын-Үүдийн эдийн засгийн бүсийн тээвэр, ложистикийг сайжруулж, орчин үеийн болгох АХБ-ны дэмжлэгтэй төсөл нь амжилттай хэрэгжих нь энд чухал. Учир нь Замын-Үүдийн эдийн засгийн бүс нь Эрээн хоттой хиллэдгийн дээр БНХАУ төдийгүй бусад улс орнуудтай хийх худалдааны үндсэн гарц болдог.

Үүний зэрэгцээ Монгол Улсад цалин хөлсний түвшин өндөр байгаа нь хүндрэл учруулж байгаа тул цалингийн түвшинг хөрш орнуудын харгалзах хөдөлмөрийн ур чадварын төрөл болон түвшинтэй адилтган тохируулах хэрэгтэй байна.

Эндээс анхаарч ойлгох зүйл бол аливаа нэг улсад хийгдэж буй хөрөнгө оруулалтын төслийн хөрш улсад үзүүлэх үр өгөөжийн хэмжээ нь тухайн улсын хөрөнгө оруулалтыг шингээх багтаамжаас шалтгаалдаг. Үр өгөөж нь автоматаар бий болдоггүй. Төслийг нөгөө улсад үр өгөөжтэй байхаар төлөвлөвч хэрэгжилтийн түвшинд тухайн улс нь үр өгөөжийг төдийлөн бүрэн хэмжээнд хүртэхгүй байх тохиолдол байдаг. 

Хил орчмын хөрөнгө оруулалтын шууд болон шууд бус үр өгөөжийг бүрэн хүртэхийн тулд хил залгаа улс нь дотоодын зах зээл болон хүний нөөцөө хөгжүүлэн, үр шимийг нь шингээх бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ялангуяа, тухайн улсын дэд бүтцийн хязгаарлагдмал байдал болон хэрэгцээт барааны улирлын хамаарал нь агуулахын хүчин чадал тааруу нөхцөлтэй хосолбол нийлүүлэлтийн найдвартай сүлжээг бий болгоход саад учруулах юм.