КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтыг амжилттай зохион байгуулах нь

Вакциныг тэгш хүртээмжтэйгээр нэвтрүүлэх нь улс орнуудын хувьд нэн чухал болоод байна.
Вакциныг тэгш хүртээмжтэйгээр нэвтрүүлэх нь улс орнуудын хувьд нэн чухал болоод байна.

By Cyn-Young Park (朴信永), Kijin Kim, Matthias Helble

Ази тивийн хөгжиж буй орнуудын хувьд эдийн засгаа сэргээж, зах зээлээ нээхийн тулд вакциныг тэгш хүртээмжтэйгээр нэвтрүүлэх нь нэн чухал болоод байна. Вакцинжуулалтын бодлогыг оновчтой боловсруулснаар Азийн эдийн засгийн сэргэлтийг түргэсгэж, дэлхий дахинд эерэг өөрчлөлтийг авчирч чадна.

КОВИД-19 цар тахлын эсрэг вакциныг урьд өмнө байгаагүй хурдаар хөгжүүлж байна. 2021 оны гуравдугаар сарын байдлаар 12 төрлийн вакциныг хамгийн багадаа нэг улсад хэрэглэхээр хүлээн зөвшөөрөөд байгаа бөгөөд 90 шинэ вакциныг эмнэлзүйн туршилтад оруулаад байна. Ази тивийн хувьд Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс өөрийн вакциныг үйлдвэрлэсэн бол цөөн хэдэн орон гаргаж авсан вакцинаа эмнэлзүйн туршилтад оруулжээ. Азийн 21 улсад вакцинжуулалт эхэлсэн байна.

Вакцинжуулалтыг хурдан нэвтрүүлэх нь зах зээлээ бүрэн нээж, эдийн засгаа сэргээхэд нэн чухал. Гэвч вакцин нэвтрүүлэх ажил нилээд удаашралтай байна. АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад 100 хүн тутамд дунджаар 20 тун вакцин ногдож байгаа бол Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад 100 хүн тутамд 2 тун ногдож байна. “КОВАКС”-ын зүгээс бага, дунд орлоготой орнуудыг вакцинаар хангах талаар дорвитой арга хэмжээ авч байгаа ч вакцины хүртээмж эдгээр орнуудын хувьд тулгамдсан асуудал хэвээр байгаа юм.

Ази, Номхон далайн хөгжиж буй олон орны хувьд коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг өргөн хүрээнд зохион байгуулахад хүндрэлтэй байна. Коронавирусийн эсрэг вакцин нь танигдаагүй шинэ төрлийнх бөгөөд заримыг нь хэт бага температурт, тусгай хөргүүрт хадгалж, тээвэрлэх шаардлагатай. Олон улс орны одоо байгаа вакцинжуулалтын хөтөлбөр нь шинэ вакцин нэвтрүүлэхэд бэлэн биш бөгөөд насанд хүрэгчид, ахмад настнуудыг өргөн хүрээнд дархлаажуулахад тохирсон шинэ заавар зөвлөмж зайлшгүй хэрэгтэй байна.

Вакцинжуулалтыг амжилттай зохион байгуулахын тулд тээвэрлэлт, хадгалалт, логистикийн дэд бүтэц, эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадал, эмнэлгийн ажилтнуудын нөөц, аюулгүй байдлын хяналт, олон нийтэд мэдээлэл өгөх, сурталчлах ажил шаардлагатай.

Хөгжиж буй орнуудад вакцинжуулалтыг илүү сайн нэвтрүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

Үндэсний хэмжээний вакцинжуулалтын бодлого, стратеги хэрэгтэй. Оновчтой бодлого боловсруулснаар вакцины зөвшөөрөл олгох, түгээх, аюулгүй зах зээлийг бий болгоход чиглэсэн шийдвэр гаргах үйл явцыг зохистой болгох боломжтой. Улс орнууд эн тэргүүнд вакцинжуулах хүн амаа тодорхойлж, вакциныг хугацаа алдалгүй, тэгш хүртээх арга замаа тогтох хэрэгтэй. Ингэхдээ эмзэг бүлгийн хүн амыг хамгаалахад онцгой анхаарах нь чухал.

Вакцин худалдан авах, түгээх ажлыг зохион байгуулахад үндэсний зохицуулах тогтолцоо нэн чухал үүрэг гүйцэтгэнэ. Уялдаа холбоогүй, сул тогтолцооноос болж вакцины зөвшөөрөл олгох ажил удааширч мэднэ. Вакцинжуулалтыг үр дүнтэй зохион байгуулахын тулд байгууллага, ажилчдыг нэгдсэн бодлого зохицуулалт, заавар зөвлөмжөөр хангах шаардлагатай.

Вакцинд эргэлзэх эргэлзээг арилгаж, илүү олон хүнийг вакцинжуулахын тулд найдвартай эх сурвалжаар дамжуулан, зорилготой, тодорхой, үнэн бодит мэдээлэл түгээх, вакцинжуулах цэгийг аюулгүй, сэтгэлд ойр, хүрч очиход төвөггүй газарт байгуулах зэрэг тодорхой ажлуудыг хийх шаардлагатай. Бага орлоготой, хөгжиж буй орнуудад дархлаажуулалтын хамрах хүрээг өргөжүүлж, төсөв хэмнэхийн тулд мөнгөн ба мөнгөн бус татаасыг тогтмол, хүртээмжтэй үйлчилгээтэй хослуулан өгөх нь зүйтэй.

Шинэ вакцин нэвтрүүлэх явцыг түргэсгэхэд бүс нутгийн болоод олон улсын аргачлалууд тус болно. “КОВАКС” хөтөлбөрөөс 2021 оны эцэс гэхэд дэлхий даяар 2 тэрбум тун КОВИД-19-ийн эсрэг вакциныг нийлүүлэхээр зорин ажиллаж байна. Харамсалтай нь энэ зорилго биелсэн байлаа ч өвчний тархалтыг удаашруулах хэмжээний дархлаажуулалтын түвшинд олон орон хүрч чадахгүй юм. Санхүүгийн ялгаатай боломж, вакцинжуулалтын бэлтгэл хангаагүйгээс болон нийлүүлэлтийн түр зуурын хомсдлоос үүдсэн удаашралаас шалтгаалан вакцинжуулалтыг өргөн хүрээнд зохион байгуулахад хүндрэл бэрхшээл тулгарсаар байна.

 

Бүс нутгийн хэмжээнд санхүүжилт олгох, эрүүл мэндийн бодлогын дэмжлэг үзүүлэх, чадавх бэхжүүлэх зэргээр дээрх бэрхшээлүүдийг арилгах боломжтой. Тухайлбал, АХБ 2020 оны 12 дугаар сард Ази, Номхон далайг вакцинд хамруулах 9 тэрбум ам.долларын АПВАКС хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд үүгээр дамжуулан хөгжиж буй гишүүн орнууддаа вакцин худалдан авах, түгээх ажилд нь дэмжлэг үзүүлэхээс гадна дэд бүс нутгийн хөтөлбөрүүд болон хувийн хэвшлийн дэмжлэг зэргийг үзүүлж байна.

Зохицуулах чиг үүрэгтэй байгууллагууд нь хил дамнан ажиллах хэрэгтэй. Жишээлбэл, АСЕАН-ы гишүүн орнуудын дунд эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтуудыг нэгдсэн журманд оруулах ажлуудыг хэрэгжүүлжээ.

Мэдээ, мэдээлэл солилцох, үйлдвэрлэлийн туршлагыг харилцан хүлээн зөвшөөрөх, эмийг бүртгэх, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх үйл явцыг бэхжүүлэх чиглэлээр шат дараа бүхий ажлуудыг хэрэгжүүлснээр зохицуулах, шийдвэр гаргах үйл явцын үр дүн, ил тод байдлыг сайжруулж болно.

Логистикийн дэмжлэг, вакциныг зохистой тээвэрлэж, хадгалах нь амжилттай дархлаажуулалтын салшгүй хэсэг юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын судалгаагаар дэлхийн хэмжээнд үйлдвэрлэгдсэн вакцины 50-иас илүү хувь нь жил бүр температурын хяналт алдагдсан, логистикийн болон тээвэрлэлтийн асуудлуудаас болж хаягддагийг тогтоожээ. КОВИД-19-ийн вакциныг хадгалах температурын хатуу шаардлагыг ханган, аюулгүй бөгөөд түргэн шуурхай түгээх логистикийн томоохон сорилтыг Ази, Номхон далайн хөгжиж буй олон орон давж чадахгүй байна.

Ядуу, нийгмээс тусгаарлагдсан, эсвэл тээвэр, эрчим хүчний дэд бүтэц хүртээмжгүй хөдөө орон нутагт алслагдсан зэрэг эмзэг бүлгийн хүн амдаа хэр сайн хүрч, вакцинжуулж чадсанаас дархлаажуулалтын амжилт хамаарна. Ази тивийн хүн амын тэн хагасаас илүү хувь нь алслагдсан хөдөө орон нутагт амьдардаг билээ.

Вакцины буруу хадгалалт, тээвэрлэлтээс болж хаягдал их гардаг учраас хүйтэн сүлжээний менежментийн оновчтой бодлого, журам хэрэгжүүлэхийн зэрэгцээ сайтар бэлтгэгдсэн мэргэжилтнүүдтэй байх нь чухал. Шинэ төрлийн вакцины хадгалалт, тээвэрлэлтийг хариуцах мэргэжилтнүүдийг тохирох горим, шаардлагыг хангахад сургаж, бэлдсэн байх хэрэгтэй.

Дархлаажсан тухай цахим мэдээлэл, вакцин хийлгэснийг нотлох гэрчилгээ нь вакцинжуулалтын үр дүнг оновчтой хянах, хэрэгжүүлэх нэг хэрэгсэл болно. Вакцинд хамрагдсаныг нотлох гэрчилгээ, шинжилгээний хариуг баталгаажуулах цахим хэрэгсэл болон вакцинжуулалтын баримт бичгийн ижил стандарт нь вакцинжуулах хөтөлбөрийн хэрэгжилт, хяналт үнэлгээний ажлыг хөнгөвчилнө. Эрүүл мэндийн байдлыг цахимаар баримтжуулах нь хил дамнан халдвар тархах эрсдлийг удирдаж, эдийн засгуудыг эргэн нээхэд ач холбогдолтой. Дархлаажуулалтын цахим мэдээллийн системүүдийн харилцан ажиллах талбарыг сайжруулан ашиглаж, мэдээлэл солилцоог эрчимжүүлэхэд цахим технологийг олон улсад түлхүү ашиглах хэрэгтэй.

Улс орон дотроо болон дэлхий дахинд вакцины тэгш хүртээмжийг бий болгох нь нэн чухал байна. Хүн амынхаа дийлэнх хэсгийг богино хугацаанд вакцинжуулах хүндрэлтэй асуудал Азийн хөгжиж буй орнуудын өмнө тулгараад байгаа. Харин амжилттай хэрэгжүүлж чадвал зөвхөн Ази тивд төдийгүй, дэлхий нийтэд эерэг нөлөө үзүүлнэ.

Вакцинжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр вирусийн тархалтын шинэ давалгаа эхлэх эрсдлийг үлэмж бууруулах тул зах зээлээ нээх, эдийн засгаа сэргээх асуудал нь вакцинжуулалтын амжилтаас ихээхэн шалтгаална. Вакцинжуулалтын үр дүн нь зөвхөн эдийн засаг төдийгүй, боловсрол, эрүүл мэндийн тогтолцооны гажуудлыг таслан зогсоох асар өндөр ач холбогдолтой юм.

Баян чинээлэг, ядуу буурай ялгалгүй, бүх улс орны ард иргэдэд вакциныг тэгш, шударгаар хүртээх, улмаар үр дүнтэй дархлаажуулж, цар тахал удаан үргэлжлэх болон дахин дэгдэхээс сэргийлэхэд олон улсын хамтын ажиллагаа нэн чухал билээ.

КОВИД-19-ийн вакцинжуулалтыг эхлүүлэхэд бэлтгэх нь” хэмээх АХБ-ны Бодлогын товч танилцуулгаас сэдэвлэв.