Боловсролын хоцрогдол ба орлогын алдагдал: Азид сургуулиудыг хаасны улмаас үүссэн их хэмжээний хохирол

Цар тахлын улмаас сургуулиуд хаагдсанаар Ази, Номхон далайн орнуудын сурагчид урт хугацааны сөрөг нөлөөнд өртөж болзошгүй байна. Зураг: Брэдфорд Зак
Цар тахлын улмаас сургуулиуд хаагдсанаар Ази, Номхон далайн орнуудын сурагчид урт хугацааны сөрөг нөлөөнд өртөж болзошгүй байна. Зураг: Брэдфорд Зак

By Abdul Abiad, Elisabetta Gentile, Rhea Molato Gayares, Milan Thomas

Сургуулиудын аюулгүй байдлыг ханган дахин нээж, сурагчдын хоцрогдлыг нөхөх арга хэмжээг нэн тэргүүнд авахгүй бол цар тахлаас үүдэх урт хугацааны хохирлыг Ази тивийн сурагчид төлөх болно.

2020 оны эхээр КОВИД-19 дэгдэж, дэлхий нийтэд аюул занал учруулснаас болж зайлшгүй шаардлагатай болоод байсан хөл хорионы эдийн засгийн үр нөлөө хамгийн их анхаарал татаж байв. Сургуулиудыг хааснаар ямар нөлөө үзүүлэх нь удаах асуудал байсаар ирсэн. Энэ бол зөвхөн бага насны хүүхэдтэй, гэрээс ажиллаж байгаа эцэг эхчүүдийн асуудал биш юм. Боловсрол нь хойч үеийнхний нийгмийн хөгжил, эдийн засгийн чадавхад чухал үүрэг гүйцэтгэдгийг эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгчид, бодлого боловсруулагчид бүгд хүлээн зөвшөөрдөг.

Гэтэл одоо бүтэн нэг жилийн дараа ч цар тахал үргэлжилсэн хэвээр байна. 2020 онд Азийн хөгжиж буй орнуудын эдийн засаг сүүлийн жар гаруй жилийн хугацаанд анх удаагаа агшсан ч Азийн Хөгжлийн Банк бүсийн эдийн засгийг энэ онд эргэн сэргэж, 7.3%-иар өснө гэж төсөөлөөд байна. Харин боловсролын тасалдлаас үүдэлтэй урт хугацааны алдагдлыг нөхөх нь илүү хүнд байх ажээ.

Бүс нутгийн улс орнуудын бараг тэн хагас нь сүүлийн 200 гаруй хоног сургуулиудаа хаасан. Цөөн хэдэн улс л сургуулиа нээлттэй байлгаж чадсан. Цар тахлын үед бүс нутгийн сургуулиуд зайнаас хичээллэж байгаа ч компьютер, интернет зэрэг зайнаас суралцахад шаардлагатай хэрэгслүүдийн хүртээмж маш олон хүүхдэд хязгаарлагдмал эсвэл огт байхгүй байна. Энэ нь сурагчдын гэрээсээ суралцах чадварыг хязгаарлаж, боловсролын томоохон алдагдалд оруулж байна. 

Сургуулиудыг хаах шийдвэр, зайн сургалтын үр дүнтэй байдал, боловсролоор бий болох орлогын талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг ашиглан бид Азийн хөгжиж буй орнуудад учрах хохирлын хэмжээг тооцоолов. Дунджаар, нэг жилийн турш хуримтлуулах мэдлэг, суралцах хичээлийнхээ бараг гуравны нэгийг Азийн сурагчид алдсан байна. Энэхүү боловсролын алдагдал нь тэдгээр сурагчдын ирээдүйн бүтээмж, насан туршийн ашиг орлогын хэмжээг ихээхэн бууруулах болно.

Цар тахлын улмаас сургууль хаагдсанаас болж сурагчид жилд дунджаар 180 ам.доллар буюу ирээдүйн орлогынхоо 2.4%-ийг алдах хандлагатай байгааг бидний тооцоолол харуулж байна. Танхимын хичээлийг хориглох шийдвэрийн үргэлжлэх хугацаа ялгаатай байгаагаас хамаарч Өмнөд Азид хамгийн их хохирол учрахаар байгаа бол Номхон далайд хамгийн бага байхаар байна. Сурагчдын ирээдүйд алдах орлогын хэмжээг бүс нутгийн түвшинд өнөөгийн үнэ цэнээр тооцоход дунджаар 1.25 их наяд ам.доллар байгаа нь 2020 оны нийт ДНБ-ий 5.4%-тай тэнцэж байна. Сургуулиуд удаан хаалттай байх тусам хохирлын хэмжээ улам бүр нэмэгдэх болно.

 

Дээрх тоон үзүүлэлтүүд хүндхэн харагдаж байгаа ч үүнийг өөрчлөх боломжтой. Жишээлбэл, Азийн хөгжиж буй бүх улс оронд зайн сургалтыг өндөр орлоготой орнуудын адилаар үр дүнтэй явуулбал насан туршийн орлогын нийт алдагдал эрс буурч, 0.8 их наяд ам.доллар болохоор байгаа бөгөөд энэ нь 2020 оны бүс нутгийн ДНБ-ий 3.6%-тай тэнцэх юм.

Сургуулиудыг хаасны улмаас учрах хохирлыг дөрвөн нэмэлт хариу арга хэмжээгээр багасгаж, цар тахлын дараах боловсролын тогтолцоог урьд урьдынхаас илүү үр дүнтэй, гэнэтийн цочролд тэсвэртэй болгох боломжтой.

Нэгдүгээрт, КОВИД-19-ийг аль болох түргэн хугацаанд хяналтандаа авч, танхимын хичээлийг аюулгүй явуулах боломжийг бүрдүүлэх нь маш чухал. Нотолгоонд суурилсан хязгаарлалтын арга хэмжээг үндэсний хэмжээний вакцинжуулалтын хамт яаралтай хэрэгжүүлснээр цар тахлыг хязгаарлаж, урт хугацаандаа оюутан, сурагчдын амьдралд томоохон эерэг өөрчлөлтүүдийг авчрах болно.

Хоёрдугаарт, сургуулиудыг зөв зохистой эргэн нээх нь дараагийн алхам байх учиртай. КОВИД-19-ын дотоодын тархалт харьцангуй буурч, нийтийн тээвэр, усан хангамж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн нөөц, зай барих хангалттай талбай зэрэг сургуулийн бусад онцлог хүчин зүйлсийн аюулгүй байдал зохих хэмжээнд хангасан тохиолдолд сургуулиудыг дахин нээх асуудлыг авч үзэх боломжтой.

Танхимын хичээлийг нээх шийдвэрийг зардал, үр ашгийн шинжилгээнд үндэслэн гаргах хэрэгтэй бөгөөд боловсролын үр ашиг илүү өндөртэй сургуулийн өмнөх болон бага дунд боловсролд ач холбогдол өгч, нэн тэргүүнд тавих ёстой. Цар тахал бүрэн намжтал зай барих боломжтой том талбайтай анги танхимд хичээллэх, өдрийн хичээлийн хуваарийг сөөлжүүлэх, сурагчдыг бүлэг болгон хувааж эрсдэлийг нь хязгаарлах, эрүүл ахуйн шаардлага хангасан байгууламж бүтээн байгуулах, суралцах арга барилаа өөрчлөхөд нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Эдгээр арга хэмжээ нь КОВИД-19 дахин дэгдсэн тохиолдолд болон цаашид өөр бусад цар тахал тохиох үед үүсэх боловсролын алдагдлаас хамгаалах хэм хэмжээг аажмаар бий болгох юм.

Гуравдугаарт, танхимын хичээл нээгдсэний дараа хоцрогдол арилгах нэмэлт сургалт зэргээр дамжуулан алдсан хугацааны боловсролыг нөхөх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах ёстой. Нэг сургуульд сурдаг сурагчид ч мөн тус бүрийн нөхцөл байдлаас шалтгаалан хөл хорионы үеийг харилцан адилгүй өнгөрүүлсэн. Тиймээс сургуулийн удирдлага, багш нар танхимын хичээл эхлэх үед түвшин тогтоох, түвшингээр хуваах зэрэг бага зардалтай аргаар сурагч тус бүрийн түвшинд тохируулан танхимын хичээлийг явуулбал зохино. 

Дөрөвдүгээрт, танхимын хичээл явуулах нөхцөл хараахан бүрдээгүй, зайны сургалтыг үргэлжлүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа тохиолдолд засгийн газар болон засгийн газрын түнш байгууллагууд зайны сургалтын хамрах хүрээ, чанарыг сайжруулах замаар сургалтын алдагдлыг багасгах ёстой. Үүнд, мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэд бүтцийг үргэлжлүүлэн бэхжүүлэх; алслагдмал, бага орлоготой айл өрхийн болон хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын зайны сургалтад хамрагдах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор олон төрлийн зааварчилгааны платформ ашиглах, шаардлагатай төхөөрөмжөөр хангах; мөн сурагчид, эцэг эхчүүд, багш нарын дижитал орчинд ажиллах мэдлэг чадварыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулах зэрэг ажлууд багтана. Түүнчлэн танхимын сургалт эхлэх хүртэл сургалтын хөтөлбөрийг үндсэн сэдвүүдэд төвлөрүүлж, бодитой, тодорхой зорилгын хүрээнд явуулах ажил ч мөн үүнд хамаарна.

Эдгээр хөрөнгө оруулалт нь боловсролын хоцрогдлоос үүдэх хохирлыг аль болох бууруулж, хямралын дараах боловсролын тогтолцоог урьд урьдынхаас илүү үр дүнтэй цогцлоох, цаашлаад цар тахал намжсаны дараа урт хугацаандаа үр өгөөж өгөх зэрэг ач тустай юм.

Энэхүү нийтлэлийг 2021 оны Азийн хөгжлийн төлөв тайлангийн тусгай хэсэгт зориулж хийсэн судалгаанд үндэслэсэн болно.